Балид очоод заавал үзэх газрууд

Балид очоод заавал үзэх газрууд

Балид очоод заавал үзэх газрууд

Аливаа улс орноор аялахдаа тухайн газрынхаа түүх соёлтой танилцаж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ мэдлэгээ нэмэгдүүлэх нь аяллын нилээд чухал хэсэг билээ. Бид танд Next electronics-оос Hansa брэндийн бүтээгдэхүүн аваад үзэсгэлэнт Бли арлаар аялах эрхийн эздийг тодруулах билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ Бали аяллын төлөвлөгөөндөө оруулах түүхэн дурсгалт газруудыг санал болгохоор бэлтгэлээ. 

Диваажингийн хаалга (Pura Lempuyang) 

Аялагчдын дунд "Диваажингийн хаалга" хэмээн алдаршсан, инстаграмын алдартай спотуудын нэг болох энэхүү үзэсгэлэнт газар нь Лемпуяан сүмийн долоон дуганы хамгийн эхнийх нь билээ. Тус сүм нь далайн түвшнээс 1775 метрийн өндөрт орших ба бүтэн аялал хийхэд 4 цаг зарцуулагдана. 

Хамгийн дээд цэгт нь хүрэхийн тулд нийт 1700 алхам шатаар авирах ба үүлэн дундуур явсан хэдий ч хувцас норсон мэдрэмж огт авдаггүй гэнэ. Оройд нь гарсан хүн тун ховор бөгөөд гарсан нэг нь тэндхийн иргэд болон лам хувраг нарт ихээхэн хүндлэгддэг байна. Мөргөл хийсэн хүмүүст сүмийн лам хулс модноос гаргаж авсан ариун усыг хүртээдэг. 

Лемпуяан сүм нь Балигийн зүүн хэсэгт, аялал жуулчлалын төв цэгээс зайдуу оршдог ба 2-3 цаг явж хүрдэг. Олны хөлөөс зайлсхийж тухтай зургаа авахуулахын тулд өглөө эрт нар мандах үеэр очихыг зөвлөж байна. 

Тана Лот сүм (Pura Tanah Lot) 

Бали арлын хамгийн үзэсгэлэнтэй буюу хамгийн их гэрэл зурагчдын дуранд өртсөн сүм бол Тана Лот билээ. Эх газраас 20 метрийн зайд далайн давлагаа дунд чулуун дээр байрладаг тул 1980-аад оны үед ихээхэн элэгдэлд орсон ба Японы засгийн газрын тусламжтайгаар сэргээн засварласан бөгөөд одоогоор нийт чулууны гуравны нэг нь хиймэл чулуу ажээ. 

Энэхүү сүмийн түүхийн хувьд тахилч лам Дан Хиан Нирарта 1489 онд Хинди шашныг түгээхээр Бали руу аялахдаа омгийн ахлахын эсэргүүцэлтэй нүүр тулж, дайралтад өртөхдөө өөрийгөө хамгаалах зорилгоор Тана Лотыг эх газраас салган, далайн дунд аваачиж нөмрөгнөөсөө могой гарган сүмийг хүрээлүүлсэн ажээ. Тахилч ламын энэхүү чадварыг биширсэн омгийн ахлах түүнийг хүлээн зөвшөөрч Хинди шашны дагагч болсон гэгддэг. 

Хамгийн сонирхолтой нь тус сүм нь давслаг далай дунд байрладаг атлаа дотроо цэвэр тунгалаг ариун устай бөгөөд энэхүү ариун ус нь хүнийг элдэв муу зүйлээс хамгаалж, өвчин эмгэгийг анагаадаг гэгддэг ба Баличууд шашны баяр ёслолдоо энэхүү ариун уснаасаа авч хэрэглэдэг байна. Сүмийн доод хэсэгт мөн ариун могой байрлах ба нутгийн иргэд тэрхүү могойг муу ёрыг зайлуулдаг хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг. Энэ могой нь хүрэхэд аюулгүй ба могойд хүрээд хүслээ хэлбэл биелдэг гэж итгэдэг ажээ.  

Лухур Улувату сүм (Pura Luhur Uluwatu) 

 

Далайн түвшнээс 70 метрийн өндөрт орших мянган жилийн түүхтэй энэхүү сүм 10-р зууны үед байсан чулуунуудаас бүтсэн болохыг Энэтхэгийн археологийн судалгаагаар баталжээ. Эртний архитектор, баримлыг үзэж сонирхож болох тус сүм нь Балигийн хамгийн чухалд тооцогддог зургаан ариун сүмийн нэг бөгөөд хамгийн дотор талд байрлах жижиг сүмд нь зөвхөн үнэнч Хинди шашинтнуудыг л орохыг зөвшөөрдөг байна. 

210 өдөр тутамд сүмийн баярыг тэмдэглэдэг бөгөөд хааны удам угсаа болох Жро Кутагийн гэр бүл энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн аялагчдад зориулж орой бүр уламжлалт бүжгийн үзүүлбэр болдог ба энэ үзүүлбэр нь Сри Рама ханхүүгийн домгийг жүжигчлэн илэрхийлсэн ажээ. 

Сармагчны ойтой ойр байрладаг тул сармагчин ихтэй бөгөөд нарны шил, камер зэргээ алдах нь элбэг байдаг ба гээсэн зүйлсээ самар, жимсээр солин эргүүлэн авдаг бяцхан уламжлал аль хэдийнээ тогтжээ. 

Убуд хааны ордон (Ubud Royal Palace) 

 

Тжокорда Путу Кандел хааны үед баригдсан буюу 1800-1823 оны үед хааны байрлаж байсан тус ордныг өв залгамжлагч нар нь сайтар тордон хамгаалж өдийгөөр аялагчдын зорьж очдог түүхэн дурсгалт газруудын нэг болоод байна. 

 

Бали архитекторын онцлогийг хадгалсан, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй энэхүү ордон нь орой бүр уламжлалт бүжгийн үзүүлбэр, уламжлалт хоол зэргийг санал болгодгоороо Бали соёлын томоохон илэрхийлэл билээ. 

Ордонд ороход ямар нэг үнэ төлбөргүй бөгөөд та эргэн тойрноосоо ордны түүх соёлыг танилцуулах аяллын хөтөч нартай тааралдах болно. Харин бүжгийн үзүүлбэр нь төлбөртэй бөгөөд тасалбар нь өдөр гэхэд дуусчихдаг тул сонирхож байгаа бол эртхэн очиж тасалбараа аваарай. 

Гоа Гажа агуй (Goa Gajah) 

 

Гоа Гажа агуйг 11-р зуунд үүссэн гэж таамагладаг ба ЮНЕСКО-ийн дэлхийн өвд 1995 онд бүртгэгджээ. Агуй руу орох хаалга нь мангасын ам мэт хэлбэр дүрстэй бөгөөд зарим нь үүнийг Хинди бурхан Бхомагийн ам гэдэг бол харин зарим домогт хүүхэд иддэг шулам Рангдагийн ам гэцгээдэг байна. 

Агуй дотроо их жижигхэн бөгөөд Хинди шашны заан толгойтой бурхан Ганеша болон Шива бурхны хүндэтгэлийн хөшөө байрлахын зэрэгцээ мөргөл үйлдэх бага зэргийн зайтай. Агуйн гадна талд 7 эмэгтэйн хөшөө бүхий усан сан байдаг ба эдгээр хөшөө нь 7 ариун усан оргилуур болох Гангга, Синду, Сарасуати, Яамуна, Гадауари, Сераюу, Нармада тус бүрээс ариун ус цутгаж байгаа гэсэн санааг илэрхийлдэг болно. 

Та Бали арлын эдгээр ариун сүм дугануудаар аялахдаа тэдний шашин соёлыг хүндэтгэн биеэ халхалсан хувцас өмсөх, бүсэлхийгээрээ даавуун алчуур ороох, залбирал үйлдэж байх үед зураг авахгүй байх зэргийг анхааралдаа аваарай. Таны гайхамшигт аялалд амжилт хүсье.