Махны машин сонгохдоо юуг анхаарах вэ?
Махны машин бол гал тогоонд зайлшгүй байвал зохих зүйлсийн нэг. Өөрийн гэрт, хэрэглээнд яг тохирсон махны машин сонгоно гэдэг төвөгтэй ажил мэт санагдаж болох юм. Гэвч энэ нь ердөө ямар ямар үзүүлэлтүүдийг анхаарч үзэх ёстойгоо мэдэхгүйгээс л болж байгаа хэрэг. Тийм учраас энэхүү нийтлэлээрээ бид махны машин сонгохдоо харьцуулж үзэх, мэдэх ёстой хэд хэдэн чухал үзүүлэлтүүдийг хүргэж байна. Юу юуг чухалчилж үзэхээ мэдсэнээр та дэмий зардал гаргахгүй бөгөөд худалдан авалтдаа сэтгэл хангалуун байж чадна.
ХАРГАЛЗАН ҮЗЭХ ЧАНАРУУД:
Цахилгаан эсвэл гар махны машин
Дээрх 2 төрлөөс өөрийн хэрэглээнд тохируулж алийг сонгохоо шийдэх хэрэгтэй. Цахилгаан махны машинууд нь гол хутгатай холбогдсон мотортой байдаг тул танаас хүч шаардахгүй, тогонд залгаад ажиллуулж эхэлнэ. Харин гар махны машины хувьд мах татах хутгыг эргүүлэхийн тулд түүнтэй залгаа бариулыг өөрийн хүчээрээ эргүүлэхийг таниас шаардана. Энэ нь татахаар бэлтгэсэн мах зөөлөн эсвэл хатуу байхаас хамааран зарцуулагдах хүч хэр зэрэг байх тодорхойлогдоно гэсэн үг юм. Гэрийн хэрэглээнд зориулж бага хэмжээний мах татахад хангалттай үед гар махны машин тохиромжтой байдаг бол үдэшлэгт буюу олон хүнд хүрэлцээт зоог бэлтгэхэд ашиглах бол цахилгаан машин нь хурдан байдаг.
Хэрэглэхэд хялбар байдал
Аливаа мах татах хэрэгслийг сонгохоос өмнө ашиглахад хялбар, түргэн байдлыг анхаарч үзэх нь чухал. Жишээлбэл, гар махны машин нь хүний хүчийг ашиглаж ажилладаг. Тиймээс машиныг ашиглахдаа илүү их хүчин чармайлт гаргахгүйн тулд эргэдэг хэсгүүд чөлөөтэй хөдөлж байгаа эсэхийг шалгаарай. Цахилгаан махны машины хувьд тохируулгын товчлуурууд, моторын чанар, хүчин чадал болон бусад зүйлсийг шалгана уу. Цахилгаан махны машин бүр өөр өөр моторын хүч чадалтай ирдэг. Ихэнх мотор нь 700-аас 2000 ватт хооронд хүчин чадалтай байдаг бөгөөд нэг цагт татаж бэлэн болгох махны хэмжээ нь мотороос хамаарна. Үндсэндээ мотор нь илүү хүчтэй байх тусам мах машиндах ажилд бага хугацаа зарцуулах болно. Тиймээс махны машиныг худалдаж авахаасаа өмнө хэрэглэхэд хялбар, хүчин чадал ихтэй эсэхийг шалгаарай.
Бусад чухал дагалдах хэрэгслүүд
Махны машиныг сонгохдоо бусад дагалдах хэрэгслүүд байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Үүнд татсан махны жижиг томыг тохируулах нэмэлт шүүр, хиам зайдас хийх хошуу, мах шахагч, аюулгүй ажиллагааны заавар буюу гарын авлага зэрэг юм. Учир нь эдгээр хэрэгслүүд нь тухайн махны машины үр нөлөөг тодорхойлдог. Жишээлбэл, татсан махаараа хиам бэлтгэхээр шийдлээ гэж бодъё. Хэрэв танд шаардагдах хэрэгсэл машинд тань нэмэлтээр байхгүй бол энэ санаа тань бүтэхгүй гэсэн үг. Тийм учраас чухал нэмэлт хэрэгслүүд байгаа эсэхийг шалгасны дараа бүтээгдэхүүнээ сонгоорой.
Овор хэмжээг анхаар
Махны машиныг сонгохдоо анхаарах ёстой өөр нэг чухал зүйл бол хэмжээ юм. Хэрэв та хэмжээг бодолцохгүй сонголтоо хийвэл махны машиныг хэрэглэх бүртээ нааш цааш зөөж байрлуулах шаардлагатай болно. Иймд худалдан авалт хийхээс өмнө байршуулах газраа шалгаж үзэх, боломжтой бол зайг хэмжиж, махны машиныхаа зөв хэмжээг тооцохдоо ашиглана уу. Машины хэмжээ бага байсан ч танд хэрэгцээт функц, үйлдлүүдийг багтаасан эсэхийг мөн баталгаажуулаарай.
Бат бөх байдлыг анзаар
Бат бөх чанар гэдэг нь махны машиныг худалдан авсны дараа танд ашиглагдах хамгийн дээд хугацааг хэлдэг. Сайн бараа сонгож чадвал урт хугацаанд дахин ижил зүйлд мөнгө зарцуулахгүй байх боломжтой гэсэн үг. Бат бөх чанарыг тодорхойлохдоо махны машиныг үйлдвэрлэхдээ ашигласан материалыг авч үзээрэй. Угааж цэвэрлэх, зөөвөрлөх, байрлуулах зэрэгт түргэн элэгдэж хуучрахааргүй зэвэрдэггүй, бат бөх хатуу материалтай байвал сайн.
Хэрчигч хутга
Махны машин сонгохдоо анхаарах өөр нэг чухал зүйл бол хутга юм. Хутга нь зэвэрдэггүй ганаар хийгдсэн байх ёстой. Учир нь ган гэх төмөр бол зэвэнд тэсвэртэй, удаан эдэлгээтэй буюу илүү удаан хугацаанд хурц ирээ хадгалж чаддаг. Тиймээс хутганы ирийг ойр ойрхон хурцлахыг шаарддаггүй. Ганаас бусад материалаар хийсэн хутга нь зэвэрнэ, элэгдэнэ, цаашлаад хүнсийг хордуулж бохирдуулах аюултай.
Дээр дурьдсан бүх мэдээллийг харгалзан үзвэл та хамгийн сайн махны машиныг сонгох боломжтой болно. Танд сайн сайхныг хүсье!