Хүүхдийн сэвлэг үргээх ёсон
Монголчууд хүүхдийн үсний найрыг сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг. Мөн нутаг нутгийн ёс заншлаас шалтгаалан өөр байдаг боловч нийтлэг зан үйл бий.
- Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн.
- Хүүхдийн хүйс, жил, төрсөн сар өдрийг харгалзан ивээл сар, өдрийг товлож авах нь тохиромжтой.
- Хүүхдийн сэвлэг буюу нялх үсийг авахгүй бол хүүхэд ууртай, ухаан муутай болно хэмээн эртнээс үздэг байсан бөгөөд ирээдүйн амьдрал нь сайн сайхан
байгаасай хэмээн энэхүү ёслолыг үйлддэг. - Эрэгтэй хүүхдийг сондгой буюу 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг тэгш буюу 2, 4 настайд нь хийнэ. Ингэхдээ хий насыг нэмж тооцно.
- Даахь үргээхдээ хоол унд бэлтгэх ба заавал байх зүйл нь цагаалга юм.
- Цагаалгаас үсний найранд ирсэн хүн бүр амсах заншилтай
- Ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, хүүхдээ ширээний тэргүүнд суулган, ёслолыг гүйцэтгэнэ.
- Сэвлэгийг түрүүлж хөндөх хүн тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв, өнөр өтгөн гэр бүлтэй хүн байх хэрэгтэй.
- Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан, хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй зочин болдог.
- Ивээл жилтэй, үсэнд эхэлж хүрэх хүн хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно.
- Хүүхдийн үсийг хөндсөний дараа зочдын урдуур хүүхдийг нар зөв тойруулан зочид хэсэгхэн үс хайчлах ба ээж нь сэвийг нь авч хадагт бооно